Ядарчихсан юмуу, яагаад уруу царайлахчихаа вэ, бие чинь өвдсөн юмуу, яагаад чимээгүй болчихвоо гэх мэт үгс сонсож байсан л биздээ. Их сонсдог бол та интроверт байх магадлал ихтэй. Шулуухан хэлэхэд орчин үед интроверт байх нь бараг л өвчин юм шиг хүлээж авч байна. Аргагүй шүү дээ, экстравертүүд илүү карьертай амжилттай байгааг судалгаагаар хүртэл тогтоогоод байхад. Хамгийн сонирхолтой нь интровертүүд хэзээ ч экставертүүдийг өөрчлөх гэж хичээдэггүй, харин экстравертүүд биднийг зүгээр байлгана гэж байхгүй, амихандаа л туслах гэж оролддог юмуу даа.

Интроверт байх нь үнэхээр асуудал гэж үү? Та заавал өөрчлөгдөх хэрэгтэй юу?

Экстраверт-интроверт гэх томьёо нь Карл Юнг-аас үүсэлтэй бөгөөд тэрээр анх хүмүүсийг бие хүний шинжээр нь хэд хэдэн бүлэгт ангилахыг оролджээ. Экстраверт хүмүүс гол төлөв гадагш чиглэсэн, яриасаг, эрч хүч ихтэй байхад интровертууд зожиг, дотогш чиглэсэн зан үйлийн хэв маягтай байх нь олон. Гэвч Юнгын үзсэнээр хүн бүрт экстраверт болон интроверт шинж хоюул байдаг, гагцхүү аль нэг шинж нь нөгөөгөөсөө давамгайлсан доминант шинжтэй байдаг аж.

Сусан Кайн-ы “The powers of introverts in a world that can’t stop talking” буюу интровертуудын онцлогийн талаарх номонд экстраверт/интроверт хэмээх ойлголтыг олон талаас нь тайлбарласан байдаг. Үүндээ, 1. экстравертууд капитализмын нийгэмд хэрхэн шүтэгдэж буй, 2. экстраверт/интроверт шинж дэх темпераментын нөлөө, 3. бүх нийгэм, соёлууд экстраверт байхыг чухалчилдагуу (үүндээ Хятадын соёлыг жишээ авч), түүнчлэн 4. экстравертуудыг шүтсэн энэ он цагт интровертууд хэрхэн “амьдрах” вэ зэрэг асуудлыг багтаасан байcныг товч тайлбарлья. Энэ талаар дэлгэрэнгүй судлахыг хүсвэл энэхүү номыг уншихыг санал болгож байна. Ингээд экстраверт-интроверт хэв маягуудын талаар уг номноос уншсанаа хуваалцья.

  1. Бидний өнөөдөр амьдарч буй нийгэм (буюу капиталимз) биднийг хүссэн хүсээгүй экстраверт байхыг шаарддаг. Энэ нь Хойд Америкын нийгэмд илүү үйлчилнэ, тухайлбал, эцэг эх нар хүүхдийг яриулах, олны өмнө үг хэлүүлэх, багаар ажиллуулахад маш их анхаардаг. Ухаандаа, тухайн нийгэмдээ хэрэгтэй, дасан зохицож ажиллаж чадвартай хүнийг бэлдэж байгаа нь тэр. Энэ байдалд нь интровертуудэд ихээхэн дарамт болж хувирдаг. Учир нь тэд номоо уншаад дотроо бясалгаж суух илүү дуртай.
  2. Харин дорно дахины соёл өөрөө интроверт идеалтай. Бурхны шашнаас шалтгаалсан “бясалгагч” буюу дотогш чиглэсэн хэв маягтай хүмүүст барууны сургалтын систем болох “хэн их ярина, тэр онц авна” гэдэг дүрэм огт нийцдэггүй. Тухайлбал ихэнх ази оюутнууд өөрсдийгөө илэрхийлж олны өмнө ярих үедээ тухгүй байгаа нь ажиглагддаг. Бүх л удмаараа эрдэмтэй хүн даруу, муу хүний дуу чанга гэж хүмүүжигдчихээд гэнэтхэн бидний үеэс л маш их ярих хэрэгтэй болчихсон юм чинь хэцүү байх нь аргагүй шүү дээ.
  3. Темперамент бол төрөлхийнх буюу биологийн шинжтэй учраас өөрчлөгддөггүй. Харин бие хүний төрх байдал буюу интроверт/экстраверт хэв маяг нь өөрчлөгдөж болно. Нэг багш маань хичээлийн үеэр: “Би бие хүний шинжийг тодорхойлогч тестийг 30 жилийн өмнө бөглөхөд интроверт байсан, би зураг зурах их дуртай (багш маань үнэхээр сайхан зурдаг), ганцаараа байж залбирах дуртай байсан (тухайн үед багш маань прист буюу христийн шашны лам байсан). Харин өнөөдөр ахиад нөгөө тестээ бөглөхөд би экстроверт болсон байна. Энэ бол олон жил оюутнуудад багшилсны үр дүн байх” гэж билээ. Үүнээс тухайн хүний ажил мэргэжлийн онцлог түүний хэв маягт хэрхэн нөлөөлдөг нь харагдаж байна. Олон давтлагын дараа өөрчлөгдөж болно гэжээ, гол асуулт нь үнэхээр өөрчлөх шаардлагатай юу? Хүүхдээ багаас нь ажиглаж интроверт эсвэл экстраверт болохыг нь мэдэж болно. Меланхоликууд болон флегматикууд интроверт хэв маягтай байх нь олон.
  4. Интровертууд заавал ичимхий, айдастай байдаг гэсэн үг биш. Олны өмнө ярихаас болон олон нийттэй байхаас айдаг бол тэр нийгмийн айдастай хүн. Харин интровертууд олон хүмүүстэй байх зүгээр л “дургүй”.
  5. Сузаны үзсэнээр бол экстроверт, интроверт аль нэгийг илүүд үзэхээсээ илүү энэ 2 хэв маяг нь арга, билиг хоёр шиг ялгаатай ойлголтууд юм. Аль аль нь өөрсдийн давуу болон сул талуудтай, тухайлбал, интроверт хүн шинэ санаа олох, төвлөрөх чадвар зэргээрээ давуу байхад экстровертууд сайн ярьдаг, эрч хүч ихтэй байх нь олон. Түүнчлэн экстоверт-интроверт аль аль шинжийг тэнцүү агуулсан амбивалент хэв маягтай хүмүүс ч байдаг.

Та өөрийнхөө төрх байдлыг тодорхойлох хамгийн амархан арга бол эрч хүчээр  дутагдсан үедээ гол төлөв хэрхэн эрч хүчээ сэлбэдэг вэ гэдгээ бодоорой. Ингэхэд, гадаад нөлөөнөөс буюу бусад хүмүүстэй байхыг сонгож байвал та эсктроверт байх магадлалтай харин ном унших, бясалгах гэх мэт ганцаар байхыг сонговол эсрэгээрээ интроверт байх магадлалтай юм. Та үнэхээр экстраверт болохыг хүсч байвал ямар ч асуудалгүй, болно. Олон удаа, байнга бусадтай харилцаад яриад байхад л болно. Утсаар их ярьдаг, үйлчилгээний ажил хийвэл экстраверт тал давамгайлахад туслах болно. Харин та хүсэхгүй байвал бас л ямар ч асуудалгүй. Өөрийнхөө онцлогт тохирсон ажил хийхэд л болно. Жишээ нь зөвлөгөө өгдөг сэтгэл зүйч интроверт байхад ямар ч асуудалгүй, харин ч илүү зохицно. Товчхондоо дараагийн удаа танд хэн нэгэн “яагаад дуугүй болчихвоо” гэж хэлбэл өөрийгөө асуудалтай юм байна гэж бүү бодоорой. Энэ зүгээр л таны онцлог, бас та дуугүй байх эрхтэй.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

code

You May Also Like