Хил хязгааргүй төсөөлөл дэх төөрөгдөл

Орчин цагийн хүүхэлдэйн кинонууд таны хүүхдийг хаашаа хөтөлж байна вэ?

Хачин жигтэй дүрслэл, хэтрүүлэл гэмээр өрнөл бүхий үйл явдлаар дүүрэн өнөө цагийн хүүхэлдэйн кино болох “анимэ цуврал”-ын үг, үйлдэл бүрийг нь анхааралтай үзэн, дэлгэцийн өмнө уягдах хүүхдээ хараад дэмий тэнэхгүй байгаа нь их юм хэмээн бодох эцэг эх цөөнгүй.  Гадуур сэлгүүцэж, гудамжинд “муу” хүүхдүүдтэй нийлчих вий гэсэн айдсаас үүдэн компьютер авч өгсөн нь хожмоо тэднийг бодит ертөнцөөс дэндүү хол нэгэн болгочихно чинээ хэн санах билээ.

Японы зөөлөн хүчний бодлого “Утакү” соёлын бүрдэл хэсгийн нэг болох манга, анимэ болон түүний хөгжингүй хувилбар бүхий тоглоомууд өнөөдөр дэлхийн хүүхэлдэйн киноны зах зээлийн 65 хувийг бүрдүүлж байна. Харин Японы энэ зах зээлийн 90 хувийг энэ төрлийн бүтээлүүд эзэлдэг. Жирийн иргэдээс халин спортын од Коби Брайант, жүжигчин Жонни Депп, найруулагч Квантин Тарантиног хүртэл өөртөө татсан эдгээр киноны нууц нь юу вэ?

Хил хязгааргүй адал явдал

Анимэ орчин цагийн шинжлэх ухааны ололтоос эхлээд хайр дурлал, улс төр, спорт хүртэлх 170 гаруй төрөл жанрыг хамардаг учир сонирхогчдын тоо тэр хэрээрээ олон. АНУ-ын судалгааны томоохон байгууллагын нэг “Gall-Up”-ын судлаачдын дүгнэлтээс үзэхэд анимэ үзэгчдийн 73 хувийг 7-14 насныхан эзэлдэг бол үлдсэн хэсгийг насанд хүрэгчид бүрдүүлдэг. Харин хүйсийн хувьд эрэгтэй үзэгчдийн тоо эмэгтэй үзэгчдээс их ч нас ахих тусам эрэгтэй үзэгчид дийлэнх хувийг эзэлдэг нь онлайн хамааралд эрэгтэй хүн илүү автдагтай холбоотой. Мөн Барууны анимэйшнийг бодвол Японы анимэ цувралд тоотой хэдэн ухамсарт амьтан дүрслэгддэг нь амьд ертөнц мэт хүртэгдэх томоохон шалтгаан болдог.

Харгислал, аллага энд хэвийн зүйл

Хорхойд хоргүй гэмээр царай төрхтэй хүүхэлдэйн баатрууд хэдхэн хормын дотор орчноо цусаар будаж, дайснуудаа ээлж дараалан хороож, эд эрхтнийг нь тасар татах нь энүүхэнд. Эсвэл хэн нэгнийг зодож, өвдөлтийг хүртэл инээдэм болгодог нь харгислал, хүчирхийлэл гэсэн нийгмийн сөрөг үзэгдлийг эерэг, бүр байж болох хэм хэмжээ гэж үзэхэд хүргэнэ. Үүний хамгийн ойрын жишээ бол Барууны хүүхэлдэйн киноны томоохон төлөөлөл “Том, Жерри”. Зөвхөн нэг ангийг нь үзэхэд үүнийг хангалттай мэдрэнэ. Харин хоёр, гурав дахь ангийг үзэх үедээ та нэгэнт тоохоо больсон байна. Энэ бол сөрөг үзэгдэлд хүн амархан дасан зохицдогийн жишээ.

Жинхэнүүдийн туйл

Хэтийдсэн урт хөл, намирсан үс, том хөх, богино банзалтай дур булаам эмэгтэй баатрууд охидод өөрийгөө голох мэдрэмжийг өгдөг бол хөвгүүдэд эмэгтэй хүн гэхээсээ илүү секс бэлгэдлээр ойлгогдох нь элбэг.  Тиймээс ч сексологич, судлаач Кеван Вилье “Орчин үеийн эрчүүд дунд сургуулийн сурагч шиг хувцаслалттай ази охидын порно агууламж бүхий видео, зурагт хуудсанд илүү татагдах болсон” хэмээн өгүүлжээ.

Харин эрэгтэй баатруудыг дүрслэхдээ ямар нэгэн зүйлээ алдсан, зоримог шийдэмгий, сэтгэл гутралтай, эсвэл сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүй байдлаар дүрслэх нь жинхэнэ эр хүн ийм байдаг гэсэн идеал ойлголтыг төрүүлдэг байна.

Шинэ төрлийн сэтгэл хөдлөл

Анимэ үзэгчдийн дийлэнх хувь нь сэтгэл хөдлөл багатай, сэтгэл зүйн тогтворгүй байдал давамгайлсан, эмзэг хүмүүс байх нь олонтоо. Дээр нь, анимэ үзэгч, сонирхогчдын онлайн холбоо мэтийн нийгмийн бүлэг тэдний сонирхол, хүсэлд таардаг учраас өөрсдийн орчныг бий болгох боломжийг өгдөг.

Соёлоор дамжих мэдлэг

Мэдээж анимэ үздэг хүүхдүүдийн гадаад хэлний болон тухайн улсын түүхийн мэдлэг тэлж, уран бүтээлч сэтгэхүй нь хөгждөг болохыг Дуке их сургуулийн судалгааны багийн ахлагч Иан Кондри өгүүлжээ.

Буцаад эхлэл рүү

Үдэш бүр тогтмол цагт “Боролдойн цаг’’ гарахыг хүлээн суудаг байсан үе аль хэдийнэ өнгөрч, хүссэн үедээ дуртай хүүхэлдэйн киногоо үзэх боломжтой болсон техник технологийн гайхамшигт эринд бид амьдарч байна. Гэвч хүүхэлдэйн кино юм чинь, зүгээр л анимэ шүү дээ гээд орхих “тэр” зүйл таны хүүхдийн амьд ертөнцийг хором хормоор үгүй хийж, өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй, суралцах чадвараар дутмаг дэлгэц ширтэгч нэгэн болгож буйг мартаж болохгүй.

0 Shares:
Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

code

You May Also Like