Өөртөө сэтгэл зүйн анхан шатны тусламж үзүүлээрэй

      Зөвхөн завгүй байхаараа л эсвэл олон хүний дунд байх үедээ л инээж баясаж байгаа бол  бид бодит асуудалтайгаа нүүр тулахгүй байна гэсэн үг. Учир нь бид сэтгэл зүйн тогтвортой байдлаа алдсан үедээ юу хийх ёстойгоо, хэрхэн даван туулахаа тэр бүр мэддэггүй бололтой. Танд ч мөн ийм асуудал тулгамдаж байгаа эсвэл тулгарч байсан байж болзошгүй юм. 

Танилууд маань хэрхэн сэтгэл судлаачтай уулздаг, уулзах нь ер хэр үр дүнтэй болох талаар надаас бишгүй дээ асууж байсан удаатай. Ихэнх тохиолдолд би мэргэжлийн хүнд очихыг санал болгодог. Харамсалтай нь миний танилууд дунд өөр хэн нэгэнд шуудхан очоод амьдралынхаа түүхийг дэлгэх эр зоригтон цөөхөн байж таарсан. Тиймээс ядаж л тэр зоригийг гаргах хүртэл “гал унтраах” арга хэмжээг зааж өгөх хэрэгтэй болсон юм. Тиймээс энэ нийтлэлийг уншиж байгаа танд хэрэг болж магадгүй зарим санаануудыг сийрүүлье. 

Үүний өмнө сэтгэл судлал (psychology, психологи), сэтгэл зүйн эрүүл мэнд (mental health, wellbeing) гэдэг зүйл таны амьдралд хэр чухал байдаг вэ ? Та түүндээ зориулж ямар зүйлсийг хэрэгжүүлж байна вэ? Гэдэг асуултыг эхлээд асуухыг хүсч байна. Жишээ нь сэтгэл гутрах, гуниглах үед та ууж тайвшрах замыг сонгодог уу?  Эсвэл ublife-аас гунигтай хүмүүст зориулсан дууны лист хайж сонсдог уу? Эсвэл өөр тодорхой дадал, хэв маяг байдаг уу? 

Хэрэв сэтгэл зүйдээ зориулан тодорхой арга хэмжээ авч байгаагүй бол битгий санаа зовоорой. Үнэнийг хэлэхэд сэтгэл судлаачид ч өөрсдөө юу хийх ёстойгоо мэдэхгүй үеүдтэй тулгардаг гэдгийг өөрийнхөө туршлагаас хэлж чадна. 

Ингээд сэтгэл зүйн байдлаа тогтвортой байлгахын тулд дараах хэдэн зөвлөмжийг хүргэж байна. 

ӨӨРИЙГӨӨ СУДЛААД ҮЗ. Өөрөөр хэлбэл түгшүүртэй, уур бухимдалтай удаан явж болохгүй гэсэн үг. Яг л долоо хоног болгон жин дээр зогсоод хоолны дэглэм барих хэрэгтэй эсэхээ шийддэгтэйгээ адил сэтгэл зүйн сорилуудыг туршиж байх хэрэгтэй. Сэтгэл зүйн сорил нь таны бие хүний онцлог, зан төлөвийг тодорхойлохоос гадна яг одоогийн сэтгэл зүйн байдлаа хэмжихэд тусалдаг. 

Тухайлбал та түгшүүрийн тестийг сар болгон бөглөвөл өөрийнхөө түгшүүр, санаа зоволтуудыг хянах боломжтой болно гэсэн үг. Шууд ашиглах боломжтой үнэгүй сорилууд их олон байдаг. Ер нь бол англи хэлтэй бол ямар ч асуудалгүй. Та хайлт хийгээд өөрт сонирхолтой сорилуудыг олох боломжтой, гэхдээ хэрэг болж магадгүй гээд зарим нэгийг нь оруулъя. 

1. Бие хүний 16 фактор. Карл Юнг-н онолд (sensation-хүртэхүй, intuition-зөн совин, feeling-мэдрэмж, thinking-сэтгэхүй) тулгуурлан Briggs болон Myers нар уг тестийг боловсруулсан байдаг. Тестийн хариу 4 үсэгтэй бие хүнийг тодорхойлох хэв шинж байна. 

          Extraversion (E) and Introversion (I)
          Sensing (S) and Intuition (N)
          Thinking (T) and Feeling (F)
          Judging (J) and Perceiving (P) 

Тест бөглөх линк: https://www.16personalities.com/ 

2. ТОМ 5 хүчин зүйл. Уг тест нь бие хүний 5 зан чанарыг тодорхойлно. Эдгээр нь 

  • Openness буюу Нээлттэй хэв шинж 
  • Conscientiousness буюу Хариуцлагатай, ухамсарт хэв шинж 
  • Extraversion буюу Гадагшаа чиглэсэн хэв шинж
  • Agreeableness буюу Хамтач хэв шинж 
  • Neuroticism буюу Тогтворгүй хэв шинж  

 Тест бөглөх линк: https://www.truity.com/test/big-five-personality-test 

3. Льюшерийн өнгөний тест. Проектив буюу тусгал тест гэж нэрлэдэг. Швейцарын сэтгэл судлаач Макс Льюшер уг тестээ боловсруулахдаа өнгөний сонголт (хүртэхүй) бие хүний далд ухамсар (unconsious)-аас гарна гэдэгт итгэж байсан. 

Тест бөглөх үйл явц их хялбар бөгөөд сонирхолтой. Та 8 өнгөнөөс өөрт хамгийн их таалагдаж байгаагаас эхлэн сонгоно. Өнгө бүр өөрийн гэсэн утга агуулгатай бөгөөд хаана байрлуулж байгаа болон хослолууд дээр тулгуурлан хариу гарна. 

Тест бөглөх линк: http://www.colorquiz.com/quiz.php

ӨӨРИЙГӨӨ СОНС. Бодно гэдэг бол мэдээллийг боловсруулж байна гэсэн үг. Гэхдээ бидний толгойд асар олон бодол эргэлдэж байдаг учир бид заримдаа төөрөлдөж орхидог. Тиймээс бидэнд бодлоо цэгцлэх буюу өөрийгөө сонсох, ажиглах, дүгнэх, төлөвлөх цаг хэрэгтэй. Доорх аргууд танд өөрийгөө илүү үр дүнтэй сонсоход туслах болно. 

  1. Оюун санааны газрын зураг. Леонардор Да Винчигийн тэмдэглэл хөтөлдөг байсан аргаас санаа авч уг аргыг гаргасан байна. Ерөнхийдөө хүний тархины үйл ажиллагааг дууриаж хийсэн бөгөөд хувийн зорилгоо тодорхойлох, асуудлыг шийдвэрлэх, шинэ санаа гаргах зэрэгт тусладаг. Юун түрүүнд том цаасны голд шийдвэрлэхийг хүсч буй асуудлаа бичнэ. Тэр асуудалтайгаа холбоотой түлхүүр үгсийг өөр газар жагсаа. Дараа нь шинээр урган гарч буй санаа  эсвэл шийдэл бүрийг цаасны голд бичсэнээ мөчирлүүлэн зурж бичнэ. Мөчрүүдийг дахин салбарлуулах байдлаар санаа бүрээ задалж бичнэ. Магадгүй тухайн шийдлийн эерэг сөрөг тал, эрсдэл гэх мэтийг бичиж болно.
  2. Түлхүүр үг. Өөрт аль болох тухтай орчинд суугаад цаасан дээр 200 орчим үгс жагсааж бич. Ингэхдээ зүгээр л толгойд орж ирсэн үг бүрийг бичих гэж хичээгээрэй. Бичиж дууссаны дараа танд давтагдаж байгаа санаанууд, түлхүүр үгнүүд тодорч харагдах болно. Энэ арга нь зүрх сэтгэлээ сонсоход илүүтэй тусална. 
  3. Би. Цаасны голд өөрийгөө зураад тойруулан өөрийгөө тодорхойлох зан чанаруудыг бич. Тэр зан чанарууд танд хэр чухал болохоор нь ялгаж будаарай. Үүний дараа хэн байхыг хүсч байна гэдгээ ч зурж болох юм.  Энэ аргын өөр нэг хувилбар нь өөрийгөө зурсны дараа эргэн тойрны хүмүүсээ (ээж, аав, эмээ, ах, найз, дарга, нөхөр, хүүхэд, багш гэх мэт) тойруулж бичнэ. Дараа нь тэдгээр хүмүүс таныг хэрхэн магтаж байсан бэ? Эсвэл таны ямар зан чанарт хайртай вэ ? гэдгийг бичээрэй.

БОДЛЫН ТЭМДЭГЛЭЛ. Сэтгэл судлаачдын ашиглах дуртай дараагийн арга нь бодлын тэмдэглэл юм. Уг арга нь когнитив сэтгэл судлалын аргачлал бөгөөд өөрийнхөө түгшүүр, санаа зоволт, бодлын алдааг олоход тусалдаг. Та зөвхөн өдөр болгон өөрийнхөө юу бодож байгааг ажиглаад бичихэд хангалттай. Үүний дараа тухайн бодол хэр үнэн бодитой эсэх, хэрэв буруу бодол бол зөв бодол нь юу болох, сөрөг бодол бол эерэг бодол нь юу болохыг бичих байдлаар ажиллана. 

Дээрх аргууд нь өөрийн сэтгэл зүйн байдлыг ойлгох, таних, анзаарахад чиглэсэн бөгөөд та мэргэжлийн хүний тусламжтайгаар асуудлыг илүү үр дүнтэй даван туулах боломжтой болно. 

Мөн амьдралын эрүүл хэв маяг нь таны сэтгэл зүйн эрүүл мэндтэй салшгүй холбоотой гэдгийг битгий мартаарай. Өөрийгөө хүчлээд ч болов дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хоол идэж, эрүүл мэнддээ анхаараарай. Үүний дараа сэтгэл санаа ч дагаад эрч хүчтэй болох болно. Мэдээж хэрэг таагүй сэтгэл хөдлөлийг удаан хадгалах хэрэггүй. Хурдан уучил, өөрийн хийх дуртай зүйлсдээ цаг гарга, бусадтай ярилц бас инээмсэглэ. 

 

207 Shares:
2 comments
  1. Тестийн хариуг монголоор уншиж болдог байсан бол хэчнээн гоё вэ? Хэрэгтэй юм зөндөө байна. Баярлалаа. Амжилт

    1. Баярлалаа, Монгол хэл дээр сэтгэл зүйн тест ашиглах боломж бий болгохын төлөө бид хэд нь ажиллаж байгаа шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

code

You May Also Like