Математикийн айдас /math phobia/

Тоо бодож чадахгүй, бодохоос түгшиж зугтах зэргээр математикийн хичээлийн асуудалтай байх нь нэг төрлийн ужигт айдас /phobia/ бөгөөд биологийн шалтгааныг нь дараах судалгааны дүгнэлтүүд харуулдаг:

Тоо бодлогын өндөр түгшүүртэй гэж тодорхойлсон 3-р ангийн 46 хүүхдүүдэд компьютер дээр энгийн арифметик бодлогыг харуулж зөвийг сонгох даалгавар өгчээ. Даалгавар гүйцэтгэх явцад:

1. Тэдний тархины баруун амигдалагийн үйл ажиллагаа идэвхжиж аалз, могой зэргийг хараад өдөөгддөг айдсын мэдрэмжтэй ижил цочрол авч байв

2. Шинэ дурсамж үүсэхэд тусладаг гиппокампусын үйл ажиллагаа огцом идэвхжиж байв

3. Санах ой, анхаарал, логик сэтгэлгээг хариуцдаг урд тархины үйл ажиллагаа суларч байв

4. Сөрөг сэтгэл хөдлөл давамгайлж байсан

Үүнээс үзэхэд нэг талаасаа сэтгэл хөдлөлийн сөрөг идэвхжилт нь тоо бодоход шаардлагатай оюун ухааны чадамжийг булааж байдаг. Математикийн хичээлд чиглэсэн сөрөг сэтгэл хөдлөл нь хүүхдийн бодох чадварыг султгадаг ба насанд хүрэх хүртэл энэ айдас, түгшүүр үргэлжилсээр, тооноос зугтах, зайлсхийх тойрог үргэлжилдэг. Энэ айдас нь бусад чадварт буюу санах ой болон нэг дор хэд хэдэн зүйлд анхаарлаа хандуулах чадвар, асуудал шийдвэрлэх чадвар зэрэгт сөргөөр нөлөөлдөг.

Судалгаагаар энэ төрлийн айдастай хүүхдүүдийн тоо бодлоготой холбоотой дасгалыг гүйцэтгэхэд зарцуулдаг хугацаа нь үг үсэгтэй холбоотой дасгалыг гүйцэтгэхээс 2 дахин удаан харин эсрэг тохиолдолд буюу тооны айдасгүй хүүхдүүд үг үсгийн тэмдэглэгээтэй холбоотой дасгалыг хийхэд илүү цаг зарцуулдаг байна.

Хүйсийн хувьд эмэгтэйчүүд илүү их тооны айдастай байдаг нь батлагдсан байна. Энэ нь эмэгтэй хүний суурь түгшүүртэй холбоогүй бөгөөд тэдэнд үгтэй ажиллах нь илүү хялбар санагддаг байна.

Шалтгаан:

Баримт 1: Тоо бодлогоос айх түгшүүр нь гадны буюу сөрөг туршлага, муу багшаас эсвэл дотоод буюу өөртөө итгэлгүй байдал, өөрийн үнэлэмж сул байдал, түүнчлэн тархи үйл ажиллагаа /төрөлхийн чадвар, оюун ухааны чадамж сул байдал, төрөлхийн тоонд авъяасгүй байдал/ зэргээс шалтгаалж болно. Математикийн айдас, түгшүүр нь энэ төрлийн хичээлд сонирхолгүй байхад шууд нөлөөлдөг байна.

Баримт 2: Стэнфордын их сургуулийн сэтгэц судлал, зан үйлийн шинжлэх ухааны профессор Vinod Menon тооны хичээл нь нарийн баттай хариулт шаарддаг тул алдаа гаргах айдсыг уншихаас илүү их төрүүлдэг гэж таамаглаж байна.

Баримт 3: Тооны хичээлийг сурах чадамж үнэхээрийн сул хүүхдүүд төрөлхийн арифметикийн бодолтын чадваргүй /dyscalculia / байдаг.

Шийдэл:

Тооны хичээлийн айдас нь өөр бусад ур чадварыг сайн эзэмшсэн сурагчдын бүтээмж, чадамжийг бууруулдаг байна. Энэ төрлийн айдас, сурлагын амжилт нь хоорондоо холбоотой ба ирээдүйн амжилтанд саад болгохгүй тулд хамааралыг арилгах шаардлагатай. Үүнд:

1. Эрт илрүүлэх нь хамгийн чухал

2. Ужиг айдас, түгшүүрийг эмчлэх сэтгэл заслын эмчилгээнд хамрагдах шаардлагатай

3. Тоо бодлогын тест гүйцэтгэхээсээ өмнө өөрийн ямар нэгэн санаа зовнил, айдсын талаар цаасан дээр бичиж буулгах нь сөрөг мэдрэмжээ гадагшлуулсан тайван байдлын мэдрэмж өгч, санах ойг чөлөөлж өгдөг байна.

4. Айдсынхаа талаар илэрхийлж бичих нь тоо бодоход илүү хөнгөн мэдрэмжийг өгдөг болохыг судалгаагаар баталсан байна.

5. Эцэг эхчүүд энэ төрлийн айдсын тухай ойлголттой байх хэрэгтэй. Хүүхдээ тоо бодож байх явцад аль болох тайван байлгаж, алдах бүрт урам өгч дэмжиж байх шаардлагатай.

6. Сэтгэл хөдлөлийн эмчилгээ нь суралцах чадамжийг нэмэгдүүлж байдаг.

Амжилт бол дан ганц мэдлэгийн агуулга биш юм. Тухайн мэдлэгт хандах хандлагаа зөв тохируулснаар өөрт суралцах таатай нөхцлийг бүрдүүлж байна гэсэн үг юм.

32 Shares:
2 comments
  1. Надад нэг ийм зүйл тохиолдож байсан. Би уг нь байнгын тоо боддог ч юм уу тоондоо тийм сайн хүн биш л дээ. Энэ тохиолдолд гэхдээ надаа сүүлийн 34жилд 2-3 удаа тохиолдож байгаа. Шөнө унтаж байгаад гэнэт босоод толгой дотор баахан тоо эргэлдээд хооронд нь үржүүлээд л байна тэгээд бүр олон оронтой болоод үржүүлж чадахгүй болхоор аягүй хэцүү санагдаад шаналаад байдаг. Гол нь ерөөсөө бодохоо болиж чадахгүй аягүй хэцүү байдаг. Бүр зүгээр ч хэвтэж чадахгүй тайван сууж ч чадахгүй яг толгой задрах гээд байгаа юм шиг маш хүнд мэдрэгддэг. Тэгээд босоод бараг цаг гаран нааш цааш алхаж байж арай гэж гайгүй болдог. Энэ тархины ямар нэг эмгэг үү юу байдаг юм бол хамгийн гол нь энэ үедээ маш хэцүү хүнд байдаг.

    1. Сайн байна уу. Бидний зүгээс таны өгсөн мэдээлэлд тулгуурлан шууд дүгнэлт хийх боломжгүй юм. Та өөрийн биеэр мэргэжлийн байгууллагад хандах нь зүйтэй. Энэ талаар мэдээлэл, чиглүүлгийг дэлгэрэнгүй авахыг хүсвэл фейсбүүк дээр “Сэтгэл судлал” нэртэй хуудасруу мессеж бичээрэй: https://www.facebook.com/setgel.mn/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

code

You May Also Like