3 настай хүүхдээ цэцэрлэгийн багшаас дутахааргүй хөгжүүлэхэд тань туслах мэдлэг

Хүүхэд төрөхдөө тархи нь ойролцоогоор 100 тэрбум эсээс бүрддэг ба  энэ нь амьдралын туршид хангалттай хүрэлцэх хэмжээний гэж тооцогддог. Тархины эд эс өөрийгөө шинэчилж чаддагүй. 3 насны сүүл үед уураг тархины боловсролт ойролцоогоор 90%-д хүрдэг, харин үлдсэн 10% нь 10 нас хүрээд бүрэлддэг.  Өөрөөр хэлбэл хүний сэтгэцийг удирддаг тархины хөгжил амьдралын эхний 3 жилд боловсрогддог байна. 3 настай хүүхдийн тархи насанд хүрсэн хүний тархинаас 2 дахин илүү идэвхтэй байдаг бол 7 нас хүрээд тархины уян хатан байдал өмнөх үеэс 50%-аар буурдаг байна. Иймд хүүхэд нас бол хүний хөгжлийн суурь гэж зүгээр ч нэг хэлсэн биш юм. Бага насандаа олж авсан дадал хэвшил, боловсрол нь хүний насан туршийн амьдралд шууд нөлөөлдөг болохыг дараах 2 баримтаар бататгаж болно:

  • Балчир насанд хүүхэд амьдралын бусад үеүүдээс илүү мэдрэг, гадны нөлөөнд амархан өртөмтгий байдаг. Иймдээ ч эцэг эх, эргэн тойрны хүмүүс, багш нарын харилцаа зан байдал нь хүүхдэд хүчтэй нөлөөлдөг. Мөн сэтгэл зүйн цочрол, гэмтэл авах хамгийн эмзэг нас юм.
  • Хүүхдийн өссөн орчноосоо олж авсан хүмүүжил, зан төлөв нь түүний хүсэл, сонирхол, хэрэгцээ, тоглоом эд юмстай харилцах харилцаагаар тод илэрч байдаг ба аль зан төлөв, чадварт нь түлхүү анхаарах ёстойг шууд харж болно.

Эцэг эхчүүдийн түгээмэл асуудаг 3 насны хямралын талаар товч тайлбар нэмье. Юун түрүүнд хямрал бол хүүхдийн хөгжлийн хөдөлгөгч хүч байдгийг санах хэрэгтэй. Хүүхэд тань өөрийнхөөрөө зүтгэх, би өөрөө гэсэн эсэргүүцэл үзүүлэх, аав ээжийнхээ шаардлагыг биелүүлэхгүй байх, эсэргүүцэх, зөрүүдлэх, дуртай зүйлдээ дургүй гэж анхаарал татах байдлаар илэрдгийг эцэг  эхчүүд сайн мэднэ. Шалтгаан:

  1. Хүүхдийн эзэмшсэн чадвар ба хэрэгцээ шаардлага хоёрын дундах зөрчил гол шалтгаан нь болдог. Жишээлбэл өөрийн бодол санааг илэрхийлж ярих хэрэгцээ байгаа боловч үгийн нөөц хангалтгүй байдал.
  2. Насанд хүрэгчийн буруу шаардлага. Хүүхэд өөрөө хоолоо идэх, хувцсаа өмсөх зэргээр бие даах хэрэгцээ үүсчихээд байхад эцэг эхчүүд үүнийг нь хайхрахгүй буюу хэрэгцээгээ гүйцэлдүүлэх эрх чөлөөг өгдөггүй байдал.
3 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн гол тулгуур нь цэцэрлэг гэж олон эцэг эхчүүд боддог, энэ нь ч өргөөсгөл биш. Гэвч нэгдүгээрт манай улсад цэцэрлэгийн боловсрол олж авч чадахгүй байгаа хүүхэд цөөнгүй бий, хоёрдугаарт хүүхэд гэр бүлийн орчноос авах хүмүүжил хангалтгүй бол цэцэрлэгт хичнээн өдөр яваад ч нэмэргүй байдаг. Чанартай цэцэрлэгийн боловсрол авч чадаагүй хүүхдүүдийн:
  • 25% нь ахлах ангиасаа сургуулиа хаях магадлалтай
  • 35-40% нь өсвөр насандаа эрсдэлт зан үйлд өртөх хандлагатай
  • 60% -д нь их дээд сургуулийн боловсрол эзэмшихэд нь сөргөөр нөлөөлдөг,суралцдаггүй зэрэг эрсдэл хүлээж байдаг.

Дээр дурдсан асуудлыг шийдвэрлэх боломж бий. Үүний тулд эцэг эхчүүд эерэг хүмүүжлийн арга барил эзэмшиж гэрийн нөхцөлд хүүхэддээ цэцэрлэгээс дутахгүй хүмүүжил, хөгжлийг өгөх хэрэгтэй. 3 хүртэлх насны хүүхдийг бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшил ба харилцааны хувьд хэрхэн хүмүүжүүлэх хэрэгтэйг уншиж танилцана уу.

Цэцэрлэгт багшийн харилцаа, арга зүй хамгийн чухал бол гэрт эцэг эхийн анхаарал, цаг гаргалт, бие авч явах байдал, сэтгэл зүйн байдал чухал.

1. Бие бялдрын хөгжил

Цэцэрлэгт хүүхэд ямар ур чадварыг эзэмшдэг вэ?

  • Өрдөг тоглоомоор тоглох, саадыг тойрч гүйх: Хараа хөдөлгөөний зохицолдолгоо сайжирна, авхаалж самбаа нэмэгдэнэ, хурд биеийн тэнцвэрээ тохируулж сурна.
  • Гарын саврууны булчин оролцсон даалгавруудыг хийдэг: Тархи гарны хөдөлгөөний зохицолдолгоо сайжирна.

Гэрт хүүхдийн хүмүүжилд анхаарахгүй бол ямар үр дүнд хүрэх вэ?

  • Зөвхөн өрөөнүүд хоорондын тогтмол хийдэг хязгаарлагдмал хөдөлгөөнөө л хийсээр байвал удаан, эв хавгүй хөдөлгөөнтэй болох эрсдэлтэй.

Эцэг эхчүүд цэцэрлэгийн боловсролыг гэртээ хүүхэддээ хэрхэн өгч чадах вэ?

  • Бөмбөгөөр хамт тоглох
  • Аюулгүй саад бэлтгэж давж, тойрч тоглуулах
  • Товч товчлуулах, цоожлох, хэлхэх, үдэх даалгавар өгөх
  • Бие дааж хийж оролдлогыг дэмжих, хүлээцтэй хандах

2. Танин мэдэхүйн хөгжил

3 настай хүүхдийн танин мэдэхүйн хөгжил нь эд юмстай танилцах, гадаад шинжээс эхлүүлэн юунд хэрэглэдэг, яаж хэрэглэдэг болохыг ойлгох гэж хичээх мөн энэ юу вэ асуултаас яагаад асуултанд шилжих байдлаар явагддаг.

Цэцэрлэгт хүүхэд ямар ур чадварыг эзэмшдэг вэ?

  • Дуу шүлэг, үлгэр, өнгө, зураг, будаг: Логик сэтгэлгээ, учир шалтгааныг тайлах эрмэлзлэлтэй сониуч болно.
  • Дүрс, үг, тэмдэглэгээ дүрслэлд тулгуурласан сэтгэл ойлгох чадвар хөгжинө: Шинэ юмстай танилцах тусам үгийн нөөц нэмэгдэж ярих чадвар сайжирна, математикийн хичээлийн чадвар –  суурь тавигдана. Хамгийн чухал нь сурах суурь нэмэгдэнэ.

Гэрт хүүхдийн хүмүүжилд анхаарахгүй бол ямар үр дүнд хүрэх вэ?

  • Зориудаар хөгжүүлэх арга зүй бус энгийн аж ахуйн эд юмс, зан үйл тогтмол нэг хэвийн үзэгдлүүд дунд байдаг.
  • Танин мэдэх хэрэгцээ хангагддаггүй ба ойлголт хязгаарлагдмал болно.
  • Сониуч чанар дутагдах,логик сэтгэлгээ хөгжихгүй байх хандлагатай.

Эцэг эхчүүд цэцэрлэгийн боловсролыг гэртээ хүүхэддээ хэрхэн өгч чадах вэ?

  • Асуултанд нь хариулах, тайлбарлах тэвчээр идэвхи чухал
  • Танин мэдэх хэрэгцээг хангахад анхаарах
  • Номтой тогтмол ажиллах
  • Цэцэрлэгт байдаг тоглоом, арга зүйг авах, хамтарч хийх
  • Музей, хүүхдийн тоглолт үзүүлж байх

3. Нийгэмшил ба харилцаа

2-2,6 насны хооронд хэл ярианы үсрэнгүй хөгжил явагддаг ба  өөрийн хүслээ илэрхийлэх, үзэл бодлоо ярих сэдэл нэмэгддэг.

Цэцэрлэгт хүүхэд ямар ур чадварыг эзэмшдэг вэ?

  • Бие даасан байдалд суралцана.
  • Хамтран тоглосноор нийгмийн харилцааны анхны туршлагыг бий болгоно.
  • Бусдын мэдрэмжийг ойлгох хуваалцах, бусдыг хүлээн зөвшөөрч, чадвар тавигдана
  • Дүрэмд суралцана – сургуульд ороход чухал.
  • Насанд хүрсэн хүний зааврыг сонсох биелүүлэх, дүрэм дагахад суралцана.
  • Нийгмийн харилцаанд суралцана, түгшүүр багасна – олон хүнтэй харилцах тусам өөрийгөө олж авдаг.
  • Өрсөлдөж сурна – өөрийгөө дайчлах чадварын суурь тавигдана.

Гэрт хүүхдийн хүмүүжилд анхаарахгүй бол ямар үр дүнд хүрэх вэ?

  • Би бүхнийг дийлнэ гэсэн үзэл бий болно.
  • Бусдыг ойлгох мэдрэх бус бусдыг хүссэнээрээ байлгах хандлага бий болно.
  • Харилцааны айдас – зөвхөн дасал болсон хүмүүстэй харилцаж, танихгүй хүнтэй харилцахаас зугтах.
  • Өрсөлдөөнөөс зугтах болно – би ялах ёстой гэж зүтгэж бүтэлгүйтэлд амархан шантарна.
  • Авъяас чадвар хожуу тодорхойлогдоно эсвэл илрэхгүй.

Эцэг эхчүүд цэцэрлэгийн боловсролыг гэртээ хүүхэддээ хэрхэн өгч чадах вэ?

  • Хүсэл хэрэгцээг нь анхааралтай сонсож, бие даах боломж олгох
  • Хамтарч дүрт тоглоомоор тоглох
  • Сэтгэл хөдлөлийн байдлыг шалтгааныг асуух
  • Баярлалаа, уучлаарай, мэндчилгээний үгсэд дасгах
  • Даалгавар өгч урамшуулах
  • Дуртай,сонирхолтой авъяастай байгаа зүйлсийг нь дэмжиж хөгжүүлэх
  • Олон хүүхдүүдтэй нийтийн үйл ажиллагаанд хамруулж байх
0 Shares:
Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

code

You May Also Like