Бүтээлчээр сэтгэх эрх чөлөөг та л өөртөө өгч чадна

Бүтээлч сэтгэлгээ нь хүн ямарваа нэгэн зүйлийн талаар өвөрмөц, онцгой байдлаар бодож, хүлээж авах нуугдмал чадвар юм. Тэмүүлсэн зорилгодоо хүрэх замд тулгарах том асуудал, сорилтуудыг даван туулахад бүтээлч сэтгэлгээ тусалдаг ба бидний амьдралыг сайжруулах боломж, чадварыг өгч байдаг.  Бүтээлч, өвөрмөц сэтгэлгээтэй хүмүүсийг шинэ онол технологийн санааг гаргадаг болон урлаг уран сайхны өндөр мэдрэмжтэй гэж 2 төрөлд хуваана. Аль ч төрлийг хөгжүүлэх бүрэн боломжтой.
Бүтээлчээр боддог ба боддоггүй хүмүүс хоорондын цор ганц ялгаа нь өөрийнхөө талаарх төсөөлөл юм. Зарим хүмүүс өөрийгөө бүтээлч гэдэгт итгэдэг ба хийж бүтээх эрх чөлөөг өөртөө олгож чаддаг бол нөгөө хэсэг нь өөрийгөө өвөрмөцөөр сэтгэж чадна гэдэгт итгэдэггүй, шинэ юм хийж бүтээх эрх чөлөөг өөртөө олгодоггүй байна. Өөр нэг хандлагын том ялгаа нь бүтээлчээр сэтгэж чаддаг хүмүүс тулгарсан асуудлыг сайжрах боломж гэж хардаг буюу шийдвэрлэх гэж оролдох бүрт илүү сайн шийдлийг гаргах санаа төрдөг гэдгийг мэддэг. 
Өөрийгөө бүтээлч биш гэж дутуу үнэлэхийн оронд дараах дүрмүүдийг дагаж нөөц, чадамжаа нээгээрэй.
  1. Өөрийн чадвартаа итгэ: Бүтээлчээр сэтгэгч өөрийгөө өвөрмөцөөр боддог чадвартай гэдэгтээ бат итгэдэг ба өмнөө тулгарсан ямар ч асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгтээ бүрэн итгэдэг. Бусдын үнэлэмжээр өөрийгөө болон өөрийн бүтээлээ хязгаарладаггүй бөгөөд хамгийн сайнаараа хийсэн гэдэгтээ итгэдэг.
  2. Бүтэлгүйтэл гэж байдаггүй зөвхөн эргэх холбоо байдагт итгэ: Шийдвэр бүр хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үр дагаврыг дагуулж байдаг. Хэрвээ үр дагавар сөрөг байвал ихэнх хүмүүс үүнийг бүтэлгүйтэл, алдаа гэж хүлээж авдаг. Харин бүтээлчээр боддог хүн энэ тохиолдолд сайжруулалт хийх боломж гэж хардаг байна. Алдааны үр дагавар болгоныг тэдний бодол, шийдвэр, үйлдлийг сайжруулахад туслах эргэх холбоо /санал/ гэж хүлээж авдаг.
  3. Бүтээлч зоригийг өөрт бий болго: Ихэнх хүмүүс ажил, амьдралын орчиндоо өвөрмөц содон зүйлийг санаачлах зориг дутдаг. Хүн бүрт өөр өөрийн гэсэн онцгой содон санаа байдаг ч түүнийгээ биежүүлж ажилдаа ашигладаг нь цөөн. Дийлэнхи тохиолдолд “ийм зүйл байж болохгүй” гэсэн бодлоор өөрийн санаагаа устгадаг. Өөрийн санааг үгүйсгэх тусам таны тархи санаа үйлдвэрлэлээ зогсоож гацаасаар байх болно. Хэрэгжүүлж болох хамгийн тохиромжтой санаагаа биежүүл бусадтай хуваалц амьдралын хэв маягтаа тусга.  
  4. Бусдыг санал шүүмжийг тогтмол сонс: Бүтээлч хүмүүс бусдын шүүмжийг сайн сонсож чаддаг ба хүлээн зөвшөөрч ажиллаж чаддаг. Бусдын шүүмжлэл хэцүү ч түүнээс суралцаж хийж байгаагаа илүү сайжруулах нь үр дүнтэй. Бидний зугтаж чадахгүй зүйлийн нэг бол бусдын шүүмж ба үнэлэмж юм. Зугтах тусам таны айдас нэмэгдэж санаагаа ил гаргах зоригийг багасгасаар байна.
  5. Санаа ав: Цоо шинэ зүйлийг сэтгэх гэж цагаа алдах шаардлагагүй. Шинэ бүтээл туурвисан хүмүүс өөрт таалагдсан, сэдэл төрүүлсэн  бусдын ажлыг өөрчилж сайжруулсан байдаг. Сайжруулах сэдлээс шинэ бүтээл гардаг. Танд урам зориг өгдөг, таныг сэдэлжүүлдэг хүмүүсээс санаа авснаа нуух шаардлагагүй. Бүтээлчээр сэтгэх нь ид шид бүтээх гэсэн үг биш бөгөөд хаанаас, юунаас ч хамаагүй санаа авч ургуулах сэтгэхийг хэлэх боловуу.
  6. Дарамт шахалтанд орон байж бүү бод: Аливаа ур чадвар хөгжихөд цаг хугацаа шаардлагатай. Өөрийгөө яаруулах хэрэггүй, тайван байдал таны тархийг идэвхтэй ажиллахад туслах гол хүчин зүйл. Хүчтэй илэрч буй сэтгэл хөдлөл, мэдрэмжээ тогтворжуулахад анхаарч зөвхөн үүний дараа таниас санаа ундрахыг хүлээ. 
  7. Аливаад олон талаас ханд: Туйлын үнэн гэж байдаггүйг санах хэрэгтэй. Өөрт хамгийн зөв санагдаж буй таамаглалдаа итгэж батлах оролдлого хийх нь бусад таамаглалыг үгүйсгэх гэсэн үг биш. Бусдын санааг хүлээн зөвшөөрч сонсож байх нь таны санааны цар хүрээг хумигдахаас сэргийлнэ. Бусдаас гарсан санаанаас та өөрийн шинэ санаагаа төрүүлэх нь ч бий. Асуудалд хандах өөрийн өнцгийг хамгаалж хадгалсан ч бусдынхыг үгүйсгэх хэрэггүй. Аливаа үйл явдалд нөлөөлөх хүчин зүйлсийн шалтгааныг олон талаас нь харах тусам шийдвэрлэх боломж олон төрөл байгааг харна. 
92 Shares:
Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

code

You May Also Like